<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Zandanshatar.mn

Хэвлэлийн мэдээ

ТББХ:Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаан 11 цаг 08 минутад 13 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 02 дугаар дүгнэлт гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Улсын Их Хурал цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэний үндсэн 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Уг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсан. Үүнд, хуулийн 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;", хуулийн 2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” хэмээн тус тус өөрчлөн найруулж, уг хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг "... Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9-ийн “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнтэй нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан байна. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч тогтоол баталсан. Гэвч уг тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан, түүнийг нь Улсын Их Хурал хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Гэхдээ зарим улстөрч, хуульчдын ярьж хэлээд байгаа шиг тодорхой заалтыг хассан зүйл огт байхгүй. Үндсэн хуулийн заалтыг зөрчих эрх бидэнд байхгүй гэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, хуулийн заалт түдгэлзсэн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн нь сонгууль хууль бус болоход хүргэж мэдэхээр байна. Иймээс нэр дэвшигчдэд тавьсан шалгуур шаардлагаа эргэж харах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Харин Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” гэж заасан.

 

Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр уг хуульд бүхэлд нь хориг тавьсан. Иймээс хуулийн заалт түдгэлзэх тухай асуудал байхгүй гэдгийг тодотгосон юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь буюу 81.2 хувь нь дэмжсэнгүй.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй, гүйцэтгэх захирал нь саяхан томилогдсон байна. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Ер нь нэг байгууллагын дотоод үйл ажиллагаанд Байнгын хороо хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй юм. Хэрэв ажлын хэсэг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэнгүй.