Зорьж буй ажил

Япон лугаа адил хөгжье

Монгол Улсад Эрх зүйн төдийгүй Эдийн засгийн тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой байна. Үүнээс үндэслэн “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн.

Хуулбарласан, хүчээр шахсан, энд тэндээс цуглуулан байж бүтээсэн эдийн засгийн тогтолцоо маань буруу байна. Буруу учраас Монголын хөрсөнд идээшихгүй байна. Тиймээс хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Дэлхий дахинд “эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэгддэг  Азийн буюу Япон хэв загвар Монгол Улсад хэрэгтэй, шаардлагатай болжээ.

Гэхдээ энэ бол Японыг даган дуурайна, тэдний бүх юмыг сохроор хуулбарлана гэсэн үг биш ээ. Сайн жишиг, туршлагыг нь Монголынхоо онцлог, монгол түмний хураан хуримтлуулсан мэдлэг, туршлагаар баяжуулж, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж, өөрийн гэсэн Монгол хөгжлийн загварыг бүтээж чадвал богино хугацаанд, үсрэнгүй хөгжилд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах нь хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай  эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй юм.

Мөн зөвшилцөл, ойлголцлыг хангасан улстөрийг сонгож, үсрэнгүй хөгжилд  хүрсэн ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна. Монгол, Япоын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн өндөр төвшинд гүнзгийрэн хөгжиж буй учраас Япон улсын туршлагаас  суралцаж, ололт амжилттай яваа хөгжлийн загваруудыг нэвтрүүлэх боломжтой.