Зорьж буй ажил

Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 18 зүйлтэй.  УИХ болон бүх шатны байгууллага, албан тушаалтан энэ эрхүүдийг иргэндээ эдлүүлэх, түүнийг ямар ч хэлбэрээр зөрчихгүй байхын төлөө л ажиллах үүрэгтэй.

Үүнийг хуулиар тогтоож, хуулиар хамгаалдаг. Өөрөөр хэлбэл хүний эрхийг хамгаална гэдэг нь зөвхөн хууль шударга засагладаг нийгмийг л цогцлооно гэсэн үг. Тэгэхээр “эрхээ эдэлнэ” гэдэг нь “үүргээ хэрэгжүүлнэ” гэсэн үг, эрхээ эдэлж байна гээд дураар авирлаж болохгүй гэсэн нөгөө утга агуулга нь хамт багтаж байгаа хэрэг.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар чагнаж тагнадаг, мөрдөж мөшгидөг гэсэн шүүмжлэл, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож, асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. 

Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэн баталж, хуулийн шинэчлэлийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар анх удаа сонгогдсон гишүүд ажиллаж байна. Мөн 2021 оны хаврын чуулганаар  Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.   Батлан гаргаж байгаа хууль, дүрэм, журам, үйл ажиллагаа бүхэн гагцхүү иргэнийхээ эрхийг хангахад, түүнийг элдэв хэлбэрээр зөрчихгүй байхад л чиглэх ёстой гэдгийг зарчим, мөрдлөг болгох учиртай. Зөвхөн төрийн байгууллагуудын эрх ашигт нийцүүлж хууль баталдаг өнгөрсөн зууны практикийг халах цаг болсон.

Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хүн хилсээр хэлмэгдэж байгаа бол төрийн эрх дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй.

Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй. Сүүлийн үед иргэний хууль ёсны ашиг сонирхолд дур зоргоор халддаг, хэлмэгдүүлдэг, нотлогдоогүй баримт сэлтийг шүүхээс гадуур түгээж урьдчилан гэм буруутай мэтээр нийгмээр “яллуулдаг”, үгсэн хуйвалдаж залхаан цээрлүүлдэг, хүний өмч хөрөнгө, бизнесийг дээрэмддэг тухай гомдол УИХ-д их ирж байна. Хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр хийгдсэн, хүний эрхэнд халдсан бичлэгүүд ч ил болж байна. Нөгөө талаар мөрдөн байцаалтын нууц байх учиртай бичлэг, мэдээ, баримт сэлтийг хууль бусаар түгээж байгааг хэрхэвч зөвтгөж  болохгүй.

Цаашид хувь хүн биш, хууль засагладаг нийгмийг цогцлоох нь, үүнийг манлайлж ажиллах нь хууль тогтоогч Та бидний үндсэн үүрэг мөн.

Мөн өнгөрсөн  намрын чуулганы хугацаанд шүүх тогтолцоо, банкны салбар, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлага зэрэг эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийсэн.

Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд дээрх хуулиудыг шинэчлэн боловсруулж баталлаа. Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан. Одоо энэ зорилт зөв хүнийг шүүгчээр шилж олж, сонгож томилж чаддаг болох, эсэхээс ихээхэн хамаарна.