Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1970 оны 3 сарын 8-нд төрсөн.
Тухайн үед эцэг Д.Гомбожав нь тус сумын Сум нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байв.
Эцэг нь Намын дээд сургуульд суралцах болсон тулд тэдний 1972 онд Улаанбаатар хотод нүүж ирэв.
Гомбожавынх 1976 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд шилжин очсоны (мөн томилолтоор) дараа жил буюу 1977 онд Г.Занданшатар сургуульд оров. Сургуульд тэрбээр сурлага сайтай, урлаг спортод идэвх сонирхолтой хүүхэд байжээ.
“Таван онцын эзэн” “Номын сайн нөхөр” цол тэмдгийн болзлыг байнга биелүүлдэг, урлагийн үзлэгт шүлэг уншдаг, үндэсний болон чөлөөт жүдо бөхөөр барилддаг байв.
1982 онд тэднийх нийслэлд шилжин ирэхэд 77 дугаар сургуульд элсэн орж улмаар Хэнтий аймаг руу шилжихэд тэнд очиж хагас жил сураад, эргэн нийслэлд ирж уг сургуульдаа суралцсаар 1987 онд онц дүнтэй төгссөн.
1987 онд ЗХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (Одоо Байгалийн Улсын их сургууль) элсэж, санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр 1992 онд төгссөн.
1992-1998 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад хамрагдаж байв.
2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын Бизнес Хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэжээ.
2013 оны 12 сараас АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллаж, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ.
Улмаар Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа юм.
1992 оны зургадугаар сард тухайн үеийн Зах зээлийн коллежид (Одоо МУИС-ийн Бизнесийн сургууль) багш-эрдэм шинжилгээний ажилтнаар орж, “Валют, санхүү, банкны үйл ажиллагаа” гэсэн сэдвээр хичээл зааж эхэлжээ.
1996 оноос тэрбээр тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ.
2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тус банкинд удирдлагын шинэ баг бүрдүүлэн ажиллахад Маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувиар, банкны нэр хүндийг зах зээлд сэргээх, бэхжүүлэх ажлыг хариуцжээ.
2003 онд тэрбээр Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогджээ.
Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, гадаадын зээл тусламж, төр засгийн дэмжлэгээр газар тариаланг сэргээх ажлыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн нь Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурь болсон байна.
2009 оны 11 дүгээр сард Гадаад харилцааны сайдаар томилогдов.
Сайд байх үед Монгол улсын Засгийн газар Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг баталсан нь улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг түлхүү чиглүүлж ашиглахад томоохон түлхэц болсон юм.
2017 оноос 2019 оны 2 дугаар сар хүртэл ЗГХЭГ-ын даргаар ажилласан.
Энэ хугацаанд агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын 62 дугаар тогтоолыг санаачлан бэлтгэл ажлыг хангасан. Энэхүү төслийн үр дүнгээр сайжруулсан шахмал түлшнийг үйлдвэрлэж, түүхий нүүрсний хэрэглээг эрс багасгаж, утаагүй Улаанбаатар болох эхлэл тавигдлаа.
Мөн байгалийн баялгийг тэгш хуваарилахын тулд Салхитын мөнгөний ордыг төр мэдэлдээ авч чадсан үйл явдал бол шударга ёсны үлгэр жишээ болсон.
1998 оны аравдугаар сард МАХН-д элссэн.
2004,2008, 2016, 2020 ондУИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ.
Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ. 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн.
Парламентын гишүүнээр сонгогдсон өмнөх хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар ажилласан байна.
2019 оноос хоёр парламент дамжин УИХ-ын даргаар ажиллаж байна.
Энэ хугацаандаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, засаглалын тэнцвэртэй байдал, хариуцлага, шударга ёсыг хангахад хичээн ажиллаж байна.