Зорьж буй ажил

Сүүлийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг хэлэлцлээ

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хамгийн сүүлийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” тавдугаар сэдвийг хэлэлцлээ.

Энэ сэдвийн хүрээнд: 

·       Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, 

·   Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох,

·   Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

 

Хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргаллаа.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, хууль зүйн ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг нарын экспертүүд төлөөлөгчдийн асуултад хариулав.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос “Экспертүүд буюу шинжээч, судлаачдын үгийг илүү их сонсч, мэдээллийг илүү өргөн боломжоор авах хэрэгтэй байна. Асуултад хариулах хугацааг гурван минут болгож өгнө үү” гэсэн санал ирүүлсний дагуу хариулт өгөх хугацааг сунгаж байгааг хуралдаан даргалагч мэдэгдлээ.

Ингээд 29, 40 дүгээр хэсгээс “Парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуульд бий болгож өгснөөр УИХ, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг харгалзахгүйгээр хариуцлага тооцож болох уу” гэсэн асуулт асуулаа.

 

Хариултыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар өгсөн. Тэрбээр “Нэгдүгээр сэдвийн хүрээнд Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх, Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийг илүү төвлөрүүлэх буюу төсөв, томилгоог мэддэг болох зарчмын асуудлыг хэлэлцэх үеэр энэ асуудал яригдсан. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалдаа илүү их эрх мэдэл өгвөл парламентад ч бас хууль зөрчсөн тохиолдолд мөрдөн шалгах, хяналт тавих эрхийг илүү олгох ёстой. Тэгснээр эрх мэдлийн хяналт, тэнцэл хангагдана гэж ярьсан. Ийм жишиг баримталдаг улс орнууд бий. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хянах дөрвөн загвар дэлхийд байдаг. Азийн загвар буюу таван эрх мэдлийн загвараар төрийн бүх үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн өндөр албан тушаалтнуудын сахилга, хариуцлага буюу Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрын бүх албан тушаалтнуудад итгэл үзүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд мөрдөн шалгадаг эрх эдэлдэг байгууллага байдаг. Мөн АНУ зэрэг улс оронд парламент буюу төлөөллийн байгууллагад нь мөрдөн шалгах эрх бүхий  байгууллага байж, төрийн өндөр албан тушаалтанд итгэл үзүүлэх эсэхийг авч үздэг. Түүнчлэн Европт хүний эрх зөрчсөн аливаа шийдвэр гаргасан албан тушаалтныг иргэдийн гомдлоор хэлэлцэн, мөрдөн шалгаж, хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг Омбудсмен парламентын бүтцэд нь бий. Ийм зүйл манай парламентад дутагдаж буй учир УИХ-ын бүтцэд байгуулъя гэдэг саналыг Засгийн газраас гаргасан Ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид дэвшүүлсэн” гэв. Энэ үеэр хуралдаан даргалагч “Бидний оролцож буй энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг зохицуулсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж, батлуулсан Г.Занданшатар гишүүнд баярлалаа” хэмээсэн. 

 

Дараа нь 45, 3 дугаар хэсгийн “УИХ-ын Ёс зүйн дэд хорооны одоогийн бүтцийг боловсронгуй болгож, Үндсэн хуулиар батламжилж болох уу. Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилдог тогтолцоог өөрчилж, УИХ-аар хэлэлцэн баталж болох уу” гэсэн асуултад эксперт Н.Лүндэндорж хариуллаа. “УИХ-аар батлахад болохгүй юмгүй. Би хувьдаа манай улс дэлгэрэнгүй Үндсэн хуультай байх ёстой юм байна гэж боддог. Яагаад гэвэл хууль дээдлэх ёс дээрээ ч, доороо ч сул байгаа учир Үндсэн хуульд ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг бүгдийг нь биччихсэн байхад хууль дээдлэх соёлыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна. Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилдог тогтолцоог өөрчлөх тухайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын томилгоо хэлбэрийн төдий учир томилдоггүй болох бүрэн бололцоотой” гэж хариуллаа.  

10, 48, 3, 4, 15 дугаар хэсгүүд “Төрийн хариуцлага, сахилгыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллагыг хаанаас, хэн байгуулж, ямар бүрэлдэхүүнтэй байх вэ, Хараат бус гэдгийг яаж тодорхойлох вэ, ямар шалгуур тавих вэ” гэж асуулаа. Асуултад эксперт, УИХ-ын гишүүн Г.Занданшатар хариулахдаа “Шүүлтүүрийн зарчим буюу хуулийн байгууллага, хуульчдын холбооноос мэргэшсэн, туршлагатай гэж дэвшүүлсэн нэр дэвшигчдийн дундаас дэвшүүлэн сонгох нь зүйтэй байж болно” гэлээ.

 

12, 20 дугаар хэсгийн “Шүүх засаглалын томилгооны эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрдгийг шүүхийн байгууллага нь сонгон томилдог болгож болох уу” гэсэн асуултад эксперт Ж.Амарсанаа “Ерөнхийлөгч томилдгийг хүмүүс Ерөнхийлөгч гэдэг хүнтэй нь холбож ойлгодог. Гэтэл Ерөнхийлөгч томилдог нь шүүхийн дотоод хяналтыг хангадаг ач холбогдолтой. Гэхдээ Ерөнхийлөгч шууд нэр зааж томилдоггүй, нэр дэвшигчдээс сонгодог” гэж хариулсан бол эксперт Б.Гүнбилэг нэмж тодруулахдаа “Шүүхийн ерөнхий зөвлөл одоо таван хүнтэй нь цөөн байна. Бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж, Үндсэн хуульд тусгачихвал аливаа сонгуулийн үр дүн нөлөөлдөг байдал арилна” гэв. Харин экспертЖ.Амарсанаа “Шүүгч хараат бус байх гол нөхцөл шүүгчийн өөрсдийн туршлага, ур чадвар. Гэхдээ хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх байгууллага байх ёстой. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа энэ хуульд заасан хавсралт хуулиудыг 1993 онд баталсан байх ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ хууль 1993 онд батлагдсан байх ёстой ч 2013 онд, 20 жилийн дараа батлагдсан” хэмээн хариулт өглөө.

 

Хэсгүүдээс гарсан асуултад ийнхүү экспертүүд тус тусын байр сууринаас хариулсан. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудалд өгөгдсөн саналууд болох “Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох”, “Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох”, “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай хэсгийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад өөр, өөр байр суурь илэрхийллээ.

“Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг  хэлэлцэж, оролцогчид мэдээлэл авснаар нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.