Зорьж буй ажил

Зөвлөлдөх санал асуулгын гурав, тав дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүллээ

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр(2017.04.30Төрийн ордонд үргэлжилж байна.

 

Үдээс өмнө 12.10 цагт Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв буюу “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, тав дахь сэдэв болох “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” талаархи сэдвүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хийсэн юм.

Тэгвэл дээрх сэдвүүдээр үдээс хойш 13.20 цагт оролцогчид 49 хэсэгт хуваагдан нээлттэй хэлэлцлээ.

Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдвийн хүрээнд:

-Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох;

-Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх;

-Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах;

Харин тав дахь сэдвийн хүрээнд:

-Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох;

-Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлаар хэсгүүд тус тусдаа хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэсгүүдийн хуралдаан 15.20 цагт өндөрлөж, одоо нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.